Хиймэл арал буюу далдуу модны хэлбэртэй Жумейра арлын бүтээн байгуулалт 2001 онд эхэлжээ. Анх 600 мянган хүний багтаамжтай байхаар төлөвлөсөн ч олон нийтэд зарлахад бүх байшин гурван өдрийн дотор зарагдсан тул багтаамжийг хоёр дахин нэмсэн гэдэг. Далдуу модны мөчир дагуу 1800 гаруй байшин баригдсан бөгөөд 8000 хувийн орон сууц, цогцолбор, 200 их дэлгүүр, ресторан, тансаг зэрэглэлийн зочид буудал, өндөр барилгуудыг аралд багтаажээ. Ханхүү 2006 он гэхэд арлыг ашиглалтад оруулахаар амласан ч асар том хиймэл байгууламж учир 2014 оны 11 дүгээр сард бүрэн дууссан байна. Palm Jumeirah нь зөвхөн Дубайн төдийгүй дэлхийн хамгийн алдартай архитектурын гайхамшгуудын нэг бөгөөд далай дунд сүндэрлэсэн, алсын хараатай инженерчлэлийн жишээ болсон бүтээл юм. Өнөөдөр энд тансаг зэрэглэлийн зочид буудлууд, далайн эргийн амралтын газрууд, дээд зэрэглэлийн ресторан, худалдааны төвүүд, усан парк болон олон төрлийн үзвэр үйлчилгээ байрладаг бөгөөд Дубай хотын бэлгэ тэмдэг болж, дэлхийн газрын зураг дээр байр сууриа бататгасан.