Пенглипуран тосгон нь Бали арлын Бангли дүүрэгт байрлах, 112 га талбай бүхий эртний уламжлалт тосгон юм. Далайн түвшнээс дээш 500-600 метр өндөрт байрладаг тул сэрүүн уур амьсгалтай. Тосгоны нэрний гарал үүсэл нь хоёр янзаар тайлбарлагддаг: эхний нь “pengeling” (санах) + “pura” (сүм) буюу “өвөг дээдсийн газар” гэсэн утгатай; хоёр дахь нь “pelipur” (тайвшрал) + “lipur” (зовлон) буюу “амар тайвны газар” гэсэн утгатай. Үүнийг нотлох түүхэн баримт нь Банглигийн хаан энд ирж бясалгал хийдэг байсан юм.
Тосгоны байшин, гудамж, хашааны зохион байгуулалт нь Три Хита Карана хэмээх Бурхан, хүн, байгаль гурвыг зохицон амьдрах философид үндэслэсэн. Оршин суугчид нь өдөр бүр гудамж талбайгаа цэвэрлэдэг тул Пенглипуран нь “Дэлхийн хамгийн цэвэр тосгон”-уудын нэг гэж яригддаг. 2017 онд Индонезийн хамгийн нэр хүндтэй Калпатару болон Тогтвортой аялал жуулчлалын (ISTA) шагналыг хүртсэн бөгөөд дэлхийн “Тогтвортой зорилгын шилдэг 100”-д багтсан.
Мөн энэ тосгон нь Бали Ага буюу Бали арлын уугуул соёлыг одоо хүртэл хадгалж буй тосгон юм. Хулсан дээвэртэй уламжлалт байшин, эртний ёс заншил, баяр наадам, гар урлал зэргийг жуулчид эндээс үзэж, жинхэнэ Бали соёлыг мэдэрч чадна. 2016 онд Засгийн газраас “Үндэсний цэвэр тосгон” хэмээн албан ёсоор зарласан.